Х.ТЭМҮҮЖИН : ШҮҮХ АЛЬ ЭРТ ШҮҮХ БИШ БОЛООД, ӨӨРӨӨ ЯЛЛАГЧ БОЛЖ ХУВИРЧИХСАНЫ ШИНЖ

GNNGNN
Oct 29, 2026  
 0
Х.ТЭМҮҮЖИН : ШҮҮХ АЛЬ ЭРТ ШҮҮХ БИШ БОЛООД, ӨӨРӨӨ ЯЛЛАГЧ БОЛЖ ХУВИРЧИХСАНЫ ШИНЖ

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай. Нэгдүгээрт, шударгаар шүүлгэх. Хоёрдугаарт, өөрийнхөө холбогдсон хэрэг, маргааныг нэн даруй шүүхээр хэлэлцүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн хоёр агуулгатай. Атал Үндсэн хуулийн энэ агуулга өнөөдөр бодит байдал дээр ерөөсөө хэрэгжихээ больсон.

Хүний шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсаар байгаад найм, арван жил явдаг болж хувирсан. Хугацаа нь ер нь хэмжигдэхгүй болж эхэлсэн. Шударгаар шүүлгэх эрхийн хамгийн гол агуулга болсон шударгаар шүүлгэх гэдэг энэ зарчим өөрөө эвдэгдсэн. Шүүх өөрөө шүүх байж чадахаа байсан байна. Хөгжлийн банкны хэргийг УДШ буцаасан. Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж.

"Би энэ маргааныг ялламаар байна. Та нар асуудлаа дутуу хийсэн учраас би буцааж байна. Та нар дахиад наадхаа жаахан нухаад өг. Дахиад бүр илүү асуудал болгоод аваад ир. Тэгээд би алхаа тогшоод өгье" гэж байгаагийн нэр.

Энэ бол төвийг сахиж, нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцээнд үндэслэж үйл баримтыг нотолдог биш, өөрөө урьдчилаад итгэл үнэмшилтэй болоод, түүнийгээ нотлохын тулд “Та нар энийг гүйцээгээд ирээч” гэж тулгадаг тийм шүүхийн тухай ярьж байгаа юм. Энийг шүүх гэж хэлдэггүй. Энийг яллагч гэдэг. Прокурорын чиг үүрэг.

Монгол Улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. 2016 онд анх ийм хууль батлагдсан, 2017 онд шүүхээс хэрэг буцаадаг болгосон, 2022 онд буцаагаад шүүхээс хэрэг буцаахыг хориглосон, хуулиас энэ зохицуулалтыг алга болгосон. Гэтэл огт байхгүй хуулийг тэд нар зохиож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. “Гагцхүү хуульд захирагдана” гэдэг энэ зарчим өөрөө ажиллахгүй байгаа.

Энэ өөрөө Үндсэн хуулийн зарчим. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1.6-д “Хууль ёсны байх” гэдэг ийм зарчим байгаа. Хууль ёсны байх гэдэг зарчим дээр юу бичсэн байна вэ гэхээр хуулийн заалтыг чанд сахина гэж бүр хатуу зааж өгсөн байгаа. Хуулийн заалтыг чанд сахихыг биелүүлээгүй бол тэр шийдвэрийг нь хүчингүй болгоод, хариуцлага хүлээлгэнэ гэж хоёрдугаар зүйлд нь заасан байгаа.

1,700 хэрэг дээр буцаасан шийдвэрүүдийг гаргасан нэг ч шүүгч хариуцлага хүлээгээгүй байна. Дээд шүүхээсээ эхлээд бүх шатны шүүх дээр ийм асуудал байна.

Хуульд, хууль зөрчиж гаргасан шийдвэр, хуульгүйгээр гаргасан шийдвэр байх юм бол хүчингүй болгоно. Ийм шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гээд маш тодорхой биччихсэн байна. Дээр нь доор дурдсан заалтыг та бүхэн хараарай. Хуульд заасан журмаас гадуур хэм хэмжээ тогтоосон журам гаргавал түүнийг хориглоно гээд биччихсэн. Гэтэл Дээд шүүх одоо хүртэл үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хэргийг хуульгүйгээр буцаасаар байна" хэмээн ярилаа.