ТОЛГОЙТЫН ЗАМЫГ АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОХ АВТО ЗАМЫН АЖИЛ 63 ХУВЬТАЙ БАЙНА

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм. Тодруулхад “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна. Нийт зургаан эгнээ авто замын урд урсгалын 2.4 км авто замын хучилтыг хийж дууссан. Хойд урсгалын 2.1 км авто замын хучилтыг мөн дууссан. “Содон” хорооллын уулзвар хүртэл 300 орчим метр хучилтын ажил үлдсэн. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд “Содон” хорооллын уулзвараас хучилт хийгдэх байршилд Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөн Ард Аюушийн өргөн чөлөөнөөс ирж байгаа хөдөлгөөнтэй сөрөг огтлолцохгүйгээр шулуун нийлэх зохион байгуулалттай байна. Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээхээр төлөвлөсөн боловч ажлын талбай дээр газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний ажлууд зарим хүндрэлийг үүсгэж байгаа. Гэхдээ бид холбогдох ажил гүйцэтгэгч нартай зөвшилцөж, авто замын ажлыг цаг хугацаанд нь хүлээлцэхийг зорьж байна” гэлээ.