НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД "СТАТИСТИКИЙН АНХАН ШАТНЫ МЭДЭЭЛЛИЙН ХАМРАЛТ, ЧАНАРЫГ ШАЛГАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ" АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Үндэсний Статистикийн хорооны даргын баталсан удирдамжийн дагуу нийслэл, дүүргийн Засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын хариуцан эрхэлдэг статистикийн мэдээллийн хамралт, чанар, үнэн зөв байдлыг сайжруулах, мэдээлэл цуглуулах, нэгтгэх үйл ажиллагаанд гарч буй алдаа, дутагдлыг илрүүлж, арилгах, цаашид давтан гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд хяналт-шалгалтын ажлыг Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газар хамтран зохион байгуулж байна.
Хяналт-шалгалтад нийслэлийн 9 дүүргээс тус бүр нэг хороог хамруулж, хорооны Засаг даргын хариуцан эрхэлдэг хүн ам, нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээ, тайлан, судалгаа, тооллого болон мэдээллийн сангийн баяжилтын бүрэн бүтэн байдал, үнэн зөв, уялдаа холбоо, хугацаанд нь мэдээлсэн байдалд хяналт-шалгалт хийж байна.
Энэхүү ажлын үр дүнд статистикийн мэдээллийн чанарт нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдсан асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, санал, зөвлөмж боловсруулан, анхан шатны мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, статистикийн мэдээллийн найдвартай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.
