НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫН 3-НЫ 17:00 ЦАГ ХҮРТЭЛ LICENSE.MN САЙТААР АВНА
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой худалдаа, үйлчилгээ зохион байгуулах цэгийн байршлын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийт 204 цэг бий. Үүнээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг, жижиг дунд хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 65 цэг, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 21 цэгт худалдаа үйлчилгээ гарна.
Хүй долоон худагт энэ жил дэлхийн адууны өдөр болохтой холбоотой 278 цэгт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргах аж. Үүнээс хоол үйлдвэрлэлээр 168 цэг, худалдааны 40 цэг, тоглоомын 70 цэг байгаа. Хүй долоон худгийн соёлын талбайд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн 50 цэг, худалдаа үйлчилгээний 10 цэгийг төлөвлөсөн байна. Энэ жил хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрлийг license.mn-ээр олгоно. Түр зөвшөөрлийн хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 17:00 цагаас долоодугаар сарын 3-ны 17:00 цаг хүртэл авна.
