МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ДУШАНБЕГИЙН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

GNNGNN
May 4, 2024  
 0
МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ДУШАНБЕГИЙН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тажикистаны Душанбе хотноо жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээн өнөөдрөөс эхэллээ. ДАШТ-ээс 14 хоногийн өмнө зохион байгуулагдаж буй "Парис-2024" олимпын эрхийн оноо цуглуулах эл хариуцлагатай тэмцээнд 65 орны 390 жүдоч зодоглож байна.

Монголын бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Азийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн хэсгийн шатнаа Узбекистаны Шүкүржон Аминова, Хорватын Тихеа Тополович, Германы Паулинэ Штарке нарыг унагаж "В" хэсгийг тэргүүлэв.

Улмаар хагас шигшээд Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Жессика Климкайттай дөрөв дэхиэ учраа тааран барилдсан ч вазари үнэлгээ алдаж, түүнд гурав дахиа ялагдлаа. Климкайт эл тэмцээнд түрүүлсэн.

Харин Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Мина Либээртийг торгуулиар буулгаж авав. Түүний хувьд, 2022 оноос хойших хугацаанд Их дуулга ангиллаас анхны медалиа зүүсэн нь энэ.

Л.Энхрийлэн 2021 онд Абу Диабигийн Их дуулга тэмцээний үеэр Либээртийг дагах барилдаанд ялж, улмаар тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Душанбегийн Их дуулга тэмцээний эхний өдөр зодоглосон Монголын бөхчүүдээс Б.Баасанхүү түрүүлсэн бол Л.Энхрийлэн хүрэл медаль зүүсэн юм.