МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР ДАХИН 4 БАЙР УХАРЧ 81-Т ОРЛОО
Олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас “Ардчиллын тайлан-2024”-ийг танилцуулав.
Монгол Улс бүх үзүүлэлтээрээ өнгөрсөн 2023 онд 16 байраар ухарч байсан бол энэ онд дахин дөрвөн байраар ухарлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ардчиллын индексээр сүүлийн хоёр жилд нийт 20 байр ухарсныг илтгэж байгаа юм. 2022 онд 61 дүгээр байрт жагсаж байсан бол энэ жил ийнхүү 81 дүгээр байрт оров.
Дээрх тайланг сүүлийн найман жилийн турш танилцуулж буй бөгөөд энэ хугацааг бүхэлд нь харвал, Монгол Улсын үнэлгээ 2018 оноос хойш буюу сүүлийн зургаан жил тасралтгүй уруудсаар өнөөдөртэй золгож буй аж.
Индексээр ухарсан гол шалтгаан нь ардчилсан сонгууль, хууль засаглал тал дээр оноо алдсан байна. Мөн өөр нэг анхаарах зүйл байгаа нь манай улсыг тус судалгааны байгууллагаас "Сүүлийн 10 жилд ардчилал мэдэгдэхүйц буурч байгаа улс орон" гэж дүгнэжээ.