Э.ОДБАЯР: БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМД 39 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН

GNNGNN
Jun 4, 2025  
 0
Э.ОДБАЯР: БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМД 39 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН

Засгийн газрын хяналтын тухай хуулийн хүрээнд төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг илүү ил тод, оновчтой болгох, иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор Хяналт хэрэгжүүлэх газар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд тус газар Байгаль орчин, уур амьсгалын яаманд хийсэн процессын дахин инженерчлэлийн тайланг хэлэлцэн, дүн шинжилгээ хийжээ. Энэ талаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр тайлангийн голлох дүгнэлтүүдийг танилцууллаа.

Тэрээр “Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлыг 16 яамнаас 11 яам нь үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан гэх дүгнэлт гарсан. Нийт төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын орон тооны 14.1 хувь нь зөвхөн бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд, 40 орчим хувь нь төрийн захиргааны буюу үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр туслах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Байгууллагын эрсдэлийн менежментийн тогтолцоо, үр нөлөөний байдалд хийсэн дүнгээр 905 эрсдэл бүртгэгдсэний 817 буюу 56 хувь нь дунд түвшний эрсдэлд хамаарч байна. Энэ нь бодлогын баримт бичгийн хувьд эрсдэлийн удирдлагын тогтолцоогоор авч үзэхэд хангалтгүй байгаа юм. Үүнээс харахад төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо болон иргэдэд хүрч буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Зөвшөөрлийн тухай хууль болон бусад хуулиудын дагуу хамгийн олон тусгай зөвшөөрлийг Байгаль орчны яамд олгодог. Нийтдээ ойн газартай нийлээд 39 тусгай зөвшөөрлийг олгосон байна. Энэ зөвшөөрлүүдийг нийтэд нь цахимжуулах шаардлагатай гэх дүгнэлт гарсан.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн хүрээнд нэлээдгүй олон хэлэлцүүлэг болж өнгөрсөн. Төрийн өмчит компаниудад томилогдсон бүтээмж хяналтын менежерүүдийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулж төрийн өмчийн оролцоотой, төрийн өмчит ААН-үүдэд тавих хяналтаа улам илүү сайжруулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй” гэлээ.