МЕТАГ ЕВРОПЫН ХОЛБООНООС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

GNNGNN
May 17, 2024  
 0
МЕТАГ ЕВРОПЫН ХОЛБООНООС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

“Facebook”-ийн толгой компани Метаг Европын холбооноос хүүхдийн аюулгүй байдлын эрсдэлтэй холбоотой онлайн агуулгын хуулийг зөрчсөн гэж буруутгаж, шалгаж байна. ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс мэдэгдэлдээ “Тус компанийн “Facebook”, “Instagram” платформууд хүүхдийн зан үйлийн донтолтыг өдөөж,  "туулайн нүхний нөлөө" гэж нэрлэгддэг нөлөөг үүсгэж болзошгүй эсэхийг шалгаж байна" гэж мэдэгджээ.

Метагийн хэвлэлийн төлөөлөгч CNBC-д цахим шуудангаар дамжуулан "Бид залуучуудыг насандаа тохирсон, аюулгүй, онлайн платформ ашиглаж, тэднийг хамгаалах зорилготой 50 гаруй арга хэрэгсэл, бодлогыг боловсруулахад арван жил зарцуулсан. Энэ бол бүх салбарт тулгарч буй сорилт бөгөөд бид хийсэн ажлынхаа дэлгэрэнгүй мэдээллийг Европын Комисстой хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. ЕХ-ны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон “Мета Европын залуу хүмүүсийн бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн эрсдлийг бууруулахын тулд хангалттай зүйл хийсэн гэдэгт итгэлгүй байна” гэж мэдэгджээ.

ЕХ Метагийн хүүхэд хамгааллын арга хэмжээг "нэн тэргүүнд" нарийвчлан судлах болно гэж мэдэгдэв. Мета болон АНУ-ын технологийн аварга компаниуд Европын Комиссоос хортой контенттой тэмцэх зорилготой шинэчилсэн хууль болох Дижитал үйлчилгээний тухай хууль батлагдсанаас хойш ЕХ-ны анхаарлын төвд байх болсон. Уг хуулийг зөрчвөл  жилийн орлогын зургаа хүртэлх хувиар торгодог. Тус блок шинэ хуулийнхаа дагуу ямар ч технологийн аварга компаниудад торгууль ногдуулаагүй байна. 2023 оны арванхоёрдугаар сард ЕХ өмнө нь Твиттер гэгддэг X компанийг  худал мэдээлэл, заль мэхтэй тэмцээгүй байж болзошгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Комисс Метаг сонгуулийн худал мэдээлэлтэй тэмцэхтэй холбоотой DSA-ыг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байна.Дөрөвдүгээр сард тус холбоо компанид шалгалт хийж, Мета удахгүй болох Европын парламентын сонгуулийн өмнө худал мэдээлэлтэй тэмцэхэд хангалттай зүйл хийгээгүйд санаа зовж байна гэж мэдэгдсэн. 

ЕХ нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Метагийн эсрэг арга хэмжээ авч буй цорын ганц эрх мэдэлтэн биш юм. АНУ-д Нью-Мексико мужийн ерөнхий прокурор “Facebook” болон “Instagram” нь хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөд болон худалдаалах боломжийг олгосон хэмээн тус компанийг шүүхэд өгчээ.

 

 

https://www.cnbc.com/2024/05/16/meta-slapped-with-formal-eu-probe-over-child-safety-risks.html