ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД Б.СОЛОНГОО С.БАЯРЦОГТЫГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ДУУДЛАА
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан, Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дууджээ.
Тэрбээр “Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, алдааг ярьж байж бид засаж сайжруулна. Ямар ч асуудалгүй, төгс гэрээ байгуулаагүй маргаан үүсгэсэн олон асуудал бий.
С.Баярцогт таныг халз мэтгэлцээнд урьж байна. Оюутолгой төсөл, гэрээний асуудлыг нээлттэй ярилцъя. Танай талаас сонгуулийн улс төр хийх гэж байна гэсэн мессеж их гаргах болжээ” гэж бичсэн байна.
Сангийн сайд асан С.Баярцогт нь 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байсан юм. Одоо тэрбээр сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөхөөр горилж байна.