ЛИФТНЫ ХОНГИЛ РУУ ХҮҮХЭД УНАЖ, НАС БАРСАН ХЭРЭГТ БУРУУТГАГДСАН СӨХ-НЫ УДИРДЛАГУУДЫН ЯЛ ХЭВЭЭР ҮЛДЭВ

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны хоёрдугаар орцны долоон давхрын цахилгаан шатны хаалгыг налсан гурван настай хүүхэд хонгил руу унаж нас барсан хэрэг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд гарсан.
Уг байрыг "Хаан суудал" СӨХ харицуцдаг байсан бөгөөд удаан хугацааны турш ажиллаагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглаж болохгүй нь тогтоогдсон атал аюулгүй байдлыг нь хангаагүй гэдэг нь тогтоогдож, тус СӨХ-ны ТУЗ-ын дарга С.Цэцгээ, гүйцэтгэх захирал М.Ганжуур нарт хорих ял оноосон байдаг.
Тодруулбал, уг хэрэгт холбогдуулж тус СӨХ-ны ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэм буруутайд тооцож, С.Цэцгээд нэг жил зургаан сар, гүйцэтгэх захирал М.Ганжуурт нэг жил хорих ял шийтгэж, 88 сая орчим төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгуулахаар шийдвэрлэсэн. Харин шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 17-нд хэлэлцээд С.Ц-д оноосон ялыг нэг жил болгон бууруулсан.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар С.Цэцгээ, М.Ганжуур нарт холбогдох хэргийг шүүгдэгч М.Ганжуурын өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч С.Цэцгээгийн өмгөөлөгч Д.Нарангэрэл, Л.Түвшинцэнгэл нарын хамтран гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцжээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч С.Цэцгээ, М.Ганжуур нарын өмгөөлөгчдийн бичсэн гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр “Хаан суудал” СӨХ-ны удирдах албан тушаалтнууд буюу С.Цэцгээ, М.Ганжуур нарт давж заалдах шатны шүүхээс оноосон нэг жил хорих ял хэвээр үлдэж байна.