Г.ГАЛБАДРАХ: ОДООГИЙН БАЙДЛААР ҮЕРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЭГҮЙ Ч НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА

ОБЕГ-ын Шуурхай штабаас өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах: УЦУОШГ-аас Улаанбаатар хотод өнөөдөр 14:00-16:00, 20:00-24:00 цагийн хооронд усархаг, их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа талаар мэдээлэл өгсөн. Өнөөдөр өглөөний байдлаар Улаанбаатар хотод 1.5-3мм хэмжээтэй хур тунадас орсон байна.
Харин одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд ус тогтсон хэсгүүдэд ажиллаж байна. Дарь-Эх болон багшийн дээдийн урд уулзварт ус тогтсон гэх мэдээллүүд ирсэн. Тогтсон усыг цэвэрлэх арга хэмжээг дүүргийн шуурхай штабууд авч ажиллаж байна.
Одоогийн байдлаар үер, устай холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ сард үер, устай холбоотой нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Ц.Ганзориг: Улаанбаатар хот болон орон нутагт үер усны аюул тохиолдох өндөр эрсдэлтэй байна. Тиймээс шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.