ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ “БОРДЮРЫН ХУЛГАЙ”-Г ХЯНАН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

GNNGNN
Sep 30, 2024  
 0
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ “БОРДЮРЫН ХУЛГАЙ”-Г ХЯНАН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсэг байгуулж, иргэдийн бухимдлыг өрдөж, “бордюрын хулгай” гэх болсон нийслэлийн автозамын засварын ажлыг яаралтай шалгахаар болжээ. Шалгалтын дүнг иргэддээ ил тод мэдээлж, авлига, албан тушаалын асуудал сөхөгдвөл УИХ-д нээлттэй сонсгол хийх бололтой. Өөрөөр хэлбэл, бордюр тойрсон хэл ам МАН-ын хувьд  ээлжит “ногоон автобусны хэрэг” болохыг үгүйсгэх аргагүй юм.

Учир нь, зах зээл дээр 20 мянган төгрөгөөр борлуулдаг бордюрыг 178 мянган төгрөгөөр үнэлсэн, тендерийг Хэнтийн гаралтай компаниуд авсан гэх асуудал нийгэмд бухимдал үүсгэж, иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Яг үнэндээ нийслэлийн сүр болж гаргасан 500 тэрбум төгрөгийн бонд зам дээр “масло” болж, бордюр төдийхнөөр дуусах нь. Нийслэлийн 192 км зам засварын ажил буюу бордюрт 37 тэрбум төгрөг биш 100 гаруй тэрбум төгрөгийн хулгайн асуудал хөндөгдөх нь тодорхой болоод байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Бордюрын бизнес гэж байхгүй”, “З.Энхболд алх бариад эвдээд явсан” гэх мэтээр бордюр гэж дуугарсан хүн бүртэй хэрэлдэж, технологи ярьж, ухаантай дүр эсгэн, уурлан загинасаар явна. Хэвлэл, олон нийтийн зүгээс баримтууд ар араасаа ил болж, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл автозамын засварын ажлыг шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулж буй бололтой.

“Ergelt.mn” сайтын цуврал сурвалжлагаар ил болсон баримтуудыг тоочвол:

1.Ж.Энхжаргалынх гэдэг гэр бүлийн 3 компани 9 байршлын 20 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендер авсан. Эхнэр нь Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн эзэмшигч.

2. Бордюр солихыг өмөөрч Монголын автозамчдын холбооны төлөөлөл гэх Д.Даваацэрэн мэдээлэл хийсэн. Гэтэл тэрбээр гурван байршлын 10 тэрбум төгрөгийн тендер авсан.

3. Монголын автзамчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ “Заабар” ХХК-иар 5.7 тэрбум төгрөгийн тендер авсан. Тэрээр Хэнтий аймгийн уугуул.

4. Автозамчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр “Баткубик” ХХК-аар 4 байршлын 18 тэрбум төгрөгийн тендер авсан. Эхнэр Б.Энхтуяа нь 2017 оноос Автозам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр Нийслэлийн замын хөгжлийн газарт ажилласан.

5. Бордюрыг  авсан үйлдвэрийн нэг нь Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Ташингийн чулууны үйлдвэр. Үйлдвэрийн эзэн нэг метр бордюр ширхэгийг нь 20-21 мянган төгрөгөөр Эрээнд хүргэж өгнө гэсэн мэдээлэл өгсөн.

Ийм баримт “Эргэлт.мн” сайт гаргаж тавьсан бол НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Отгонтөгс Эрээнээс нэгж бордюрыг 40 юаниар буюу 19000 төгрөгөөр захиалж авсан тухай  мэдээлэл хийсэн.

Гэвч дээрх баримтыг эсэргүүцэж, зарим хэвлэлээр БНХАУ-ын Эрээн хотоос захиалгатай бэлтгэсэн мэдээллийг цацлаа. С.Отгонтөгс хуурамч падаан гуйж бичүүлсэн, нэг бордюрын үнэ хамгийн 98000 төгрөг гэх мэтээр мэдээллүүд гаргав.

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Отгонтөгс энэ зун Эрээн ороогүй, хэн ч хаанаас ч бордюрын үнийг мэдэж болох цахим орчинд амьдарч байгаа учраас худалдааны томоохон сайтуудаас үнийг хялбархан мэдэж болно гэв.

Хятадын хамгийн том худалдаанаа сайт Алибабад бордюрын үнэ 5-30 ам.доллар байгааг харж болно.