400 ОРЧИМ МАЛ ТУУЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 8, 12 НАСТАЙ ХӨВГҮҮДИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО
Нүүдэллэж явахдаа гэрийнхнээсээ тасарч төөрсөн хүүхдүүдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал,
Баянхонгор аймаг, Баян-Овоо сумаас Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба 09.29-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран А/12 настай, эрэгтэй/, Э/8 настай, эрэгтэй/ нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт хүлээлгэн өгчээ.
Харин 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар дахь гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон малчин Ж /33 настай, эрэгтэй/ болон 9.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон Сүхбаатар аймаг, Онгон сум, Нүдэн багийн малчин У /68 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Малчин Ж-ийн унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн аж.