ГАЛД ӨРТСӨН 207-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: БИДНИЙ БАЙРЫГ ЗАСААД ӨГӨӨЧ

GNNGNN
May 9, 2024  
 0
ГАЛД ӨРТСӨН 207-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: БИДНИЙ БАЙРЫГ ЗАСААД ӨГӨӨЧ

Өнгөрсөн нэгдүгээр сар Дүнжингаравын уулзвар дээр гарсан ослын улмаас 207-р байр галд өртөж, 63 өрх түрээсийн орон сууцанд амьдарч буй. Галын эцсийн дүгнэлт, буруутай этгээд тогтоогдоогүй байгаагаас эдгээр өрхийн байрны асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй 107 дахь өдөртэйгээ золгож байна.

УОК-ын өнгөрсөн сарын 4-ны хурал дээр анх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг олон нийтэд зарласан. Харин оршин суугчдад энэ сарын 1-нд дүгнэлт өгсөн нь өнгөрсөн сарынхаас газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа талаар оршин суугчид хэлж байна. 

Оршин суугч "Ослын улмаас 207-р байрны 63 өрхийн 218 оршин суугч орох оронгүй  болсон. Үүнд өндөр настан 17,   хөгжлийн бэрхшээлтэй 2, бага дунд насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн 1, жирэмсэн 3 нийт 218 иргэн идэр есийн хүйтэнд орон гэргүй болсон. Өнөөдрийг хүртэл яах нь шийдэгдэлгүй байсаар 107 дахь өдөртэйгээ золгож байна.

Оршин суугчид барилгын дүгнэлттэй танилцахад дөрөв, тавдугаар сарын дүгнэлтүүд газар тэнгэр шиг  зөрүүтэй байсан. Тухайлбал дөрөвдүгээр сард 86 хувь нь бүрэн шатсан гэж мэдээлэл өгч байснаас хүн амьдрах ямар ч боломжгүй гэж ойлгож байсан. Гэтэл бидэнд ирсэн мэдээллээр 8 гаруй хувь галд өртөж, 80 гаруй хувь галд өртөөгүй гэж гарсан.

Техникийн давхрын дөрвөн айлын хоёр нь галд өртсөн. Найман хувь нь галд өртөөд эрсдэлтэй байгаа юм байна.  Барилгын бетон хийцэнд ямар нэг  гажилт үүсээгүй, шаардлагуудыг хангаж байна гэсэн. Барилгын ханын арматур хананд гажилт, цууралт асуудал байхгүй, шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн. Мэргэжлийн нэгдсэн  дүгнэлтээр манай байрыг нураах шаардлагатай гэх нэг ч үг үсэг байхгүй.

Харин ч сэргээх, шинэчлэн засах шаардлагатай гэж байгаа.  Нураах шаардлагатай гэх үгс улс төрчдийн амнаас л гарч байна. УОК тухайн үед биднийг хохиролгүй болгож өгнө. Дараа нь буруутай этгээдээс төр хохирлоо төлүүлээд авна гэж биднийг тайвшруулсан. Гэвч өнөөдрийг хүртэл яах нь тодорхойгүй байна.  Оршин суугчид бүгд түрээсийн байранд орцгоосон ч түрээсийн байр, өөрийн байр хоёр ялгаатай шүү дээ. Иймээс оршин суугчид өөрийн байраа засч янзлаад буцаад орох хүсэлтэй байна. Төр засаг бидний асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэж хүсч байна" гэлээ.