ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ТАЛААРХ ГОМДОЛ 40 ХУВИАР БУУРЧЭЭ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо болон Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран арваннэгдүгээр сарын 2-нд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 4-нд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд Ёс зүйн хороо болон байгууллагуудын дэргэдэх 3000 гаруй Ёс зүйн дэд хороо байгуулагдаж, 12,800 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.
Хэлэлцүүлгийн үеэр танилцуулснаар, хууль хэрэгжихээс өмнө төрийн албан хаагчтай холбоотой өргөдөл, гомдлын тоо жилд дунджаар 11.6 хувиар буурч байсан бол 2024, 2025 онд 40 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч төрийн албаны ёс зүйн соёлыг төлөвшүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолжээ.
Мөн хуулийн хэрэгжилтийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 13 удаагийн уулзалт зохион байгуулж, хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай 11 асуудлыг тодорхойлсон байна.
