АН-ЫНХАН МҮОНРТ-ИЙН ЗАХИРАЛ Г.ГЭРЭЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАВ
МҮОНТ-ээр 2024.05.07-ны өдөр "Системийн авлигал" гэх нэвтрүүлэг гарсан. Уг нэвтрүүлэгт АН-ын улс төрчдийг холбон буруутган тайлбарласан тухай өгүүлсэн. МҮОНТ-ийг энэхүү нэвтрүүлгийг гаргасан нь Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэн МҮОНРТ-ийн удирдлагад хариуцлага тооцохыг шаардав.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга н.Энхмандах танаа
МҮОНРТ-ийн 2024.05.07-ны өдрийн "Системийн авлига" гэх улс төрийн агуулгатай нэвтрүүлгийг түгээсэн нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д олон нийтийн радио телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, ил тод байдал, аж ахуй нэгж байгууллага, албан тушалатан, улс төрийн намын эрх ашгийн үндэсний эрх ашгийг дээдэлнэ гэж заасан байдаг. Мөн 8-р зүйлийн 8.1-т ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгон, 8.3-д ОНРТ нь ялгаварлан гадуурхалт, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл бэлтгэж хүргэхгүй гэдгийг илтэд зөрчсөн байна.
МҮОНРТ нь улс төрийн ухуулга сурталчилгаа явуулж олон нийтийн эрх ашгийг илтэд зөрчсөн байна. Энэ нь улс төрийн байгууллага болж байна гэж дүгнэхэд хүргэж байна. УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийг гутаасан мэдээлэл тараахыг хуульд хориглосон байдаг. МҮОНРТ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, УИХ-ын сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. Иймд МҮОНРТ-ийн зөвлөл цаашид ийм төрлийн нэвтрүүлэг явуулахгүй байхад анхаарч, явуулахгүй байх, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна гэж мэдэгдлээ.