СОНГУУЛЬТАЙ ДАВХЦУУЛАН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНИЙ СУРГАЛТ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ СОНГОГЧДЫН СОНГОХ ЭРХЭД ХАЛДАЖ БАЙНА УУ?..

GNNGNN
Jun 13, 2024  
 0
СОНГУУЛЬТАЙ ДАВХЦУУЛАН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНИЙ СУРГАЛТ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ СОНГОГЧДЫН СОНГОХ ЭРХЭД ХАЛДАЖ БАЙНА УУ?..

2024 оны УИХ-ын сонгууль болоход ердөө 15 хан хоногийн хугацаа үлдээд байна. Энэ сарын 10-наас сонгуулийн сурталчилгаа эхэлж 6-р сарын 26-нд хаагдах учиртай. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид энэ богино хугацаанд өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрөө сонгогчдодоо танилцуулах ёстой. Нөгөөтэйгүүр сонгогчид энэ ахар хугацаанд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, өөрсдийн төлөөллөө сонгох чухал хариуцлагатай үе.

Гэтэл Дорнод аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа О.Ганзоригийн гарын үсэгтэй зарлан дуудах хуудсыг сонгогчдод ирүүлж, дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж эхэлжээ.

Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Гэхдээ Дорнод аймгийн Цэргийн штаб энэ жилийн сургалтаа яг сонгуулийн үеийг дайруулан сурталчилгаа дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах гэж байгаа нь сонгогчдын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах боломжийг хазаарлаад зогсохгүй, сонгох эрхэд халдаж буй үйлдэл гэж хардаж болохоор байна.

Холимог тогтолцоогоор явагдаж байгаа энэ удаагийн сонгуульд нэг тойрогт л гэхэд маш олон нэр дэвшигч өрсөлдөж буй. Тэгэхээр энэ олон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг гэртээ суугаа сонгогч танилцаж амжихгүй шахам байхад ийнхүү олон хоногоор дайчлан бэлтгэл сургалтанд хамруулж байгаа нь сонгогчдыг мэдээллээс холдуулах, бусад нам эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцуулахгүй байх гэсэн улс төрийн зорилго агуулга ч байж болох юм.