ЕВРО-5 АИ92 ТӨРЛИЙН ШАТАХУУН 1600-1650 ДОЛЛАРЫН ХООРОНД ОЛДОЖ БАЙНА
Өнөөдөр (2026.08.20) шатахууны нийлүүлэлт, үнийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон аж, ахуйн нэгжийн төлөөллүүд мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ы Газрын тосны бодлогын газрын дарга н.Хишигдалай “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ОХУ-аас 9000 тонн АИ92 шатахуун авчирсны ихэнх хувийг евро-5 АИ92 төрлийн шатахуун эзэлж байна. Бидний хэрэглэж буй энгийн АИ92 шатахууныг гэрээний дагуу ОХУ-ын дотоодын биржийн үнээр буюу 705 доллараар худалдан авч буй. Өнгөрсөн 30 хоногийн турш дундаж үнээр худалдан авсан ч долоодугаар сард тус гэрээ дууссан.
Энгийн АИ92 шатахуун олон улсын зах зээлд 1100 ам.доллараар борлуулагдаж байна. Тус үнэ дээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Тиймээс ОХУ-ын зах зээлийн судалгаа хийж үзэхэд шатахууны үнэ эргээд буурах хандлага ажиглагдсан. Иймээс наймдугаар сарын 25-нд шатахууны үнэ өсөх үү, хэвээрээ байх уу гэдэг нь тодорхой болно. Хойд хөршийн дотоодын бирж тайван байгаа учраас үнэ өсөхгүй байх гэсэн найдлага тээж байна.
Бид үйлдвэрлэгч улс биш учраас тээвэр ложистикоос үүдэн өөр олон орноос шатахуун худалдан авах боломжгүй. Тиймээс урд, хойд хоёр хөршийн бирж дээр шатахуун ямар үнэтэй байна тэр үнээр худалдан авах болно.
Өнгөрсөн 4,5 хоног нийслэлд шатахууны нийлүүлэлт сайжирсан ч жолооч нар өмнөх үеэс 50 хувиар их шатахуун хэрэглэж байгаа учраас шатахууны дараалал буурахгүй байх хандлага ажиглагдсан. Өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаа учир орон нутгийн шатахууны нийлүүлэлтэд илүү анхаарал хандуулж байна. Баянхонгор, Дундговь, Дорноговь, Хэнтий аймаг руу шатахууны нөөцийг хуваарилан явуулсан" гэж мэдээллээ.
"Петровис ХХК"-ийн захирал н.Лхагважав “Өчигдрөөс эхлэн евро-5 АИ92 шатахууныг өндөр үнээр зарж байна гэсэн сэтгэгдэл их ирсэн. Бид 2023 оноос эхлэн 705 доллараар энгийн АИ92 шатахуун худалдан авч байсан боловч долоодугаар сард уг гэрээ дууссан. ОХУ-ын дотоод нөхцөл байдал, геополитикийн асуудлаас үүдэж энгийн АИ92 төрлийн шатахууны нийлүүлэлт 40-60 хувь буурсан.
Бид шатахууны үнэ бус нийлүүлэлтээ таслахгүй байхыг гол зорилгоо болгосон. Тиймээс евро-5 АИ92 төрлийн шатахуун 1600-1650 долларын хооронд олдож байна. Шатахуун түгээж буй компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг нэмэхээс илүү бодит өртгөөр борлуулж байна. Нийлүүлэлтийг сайжруулахын тулд авч ирж байгаа учраас ашиг хонжоо харж, үнэ нэмсэн асуудал байхгүй. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурвал дагаж буурна" гэж хэллээ.
"Шунхлай ХХК"-ийн Төлөвлөлтийн ахлах менежер н.Болор-Эрдэнэ “Энгийн АИ92 шатахууныг сүүлийн таван жилийн турш 705 долларын тогтмол үнээр худалдаж авч байсан. Гэвч долоодугаар сараас эхлэн энэ үнээр дахиж авах боломжгүй болсон. Манай байгууллагын захиалсан евро-5 АИ92 шатахуун бууж эхлээгүй байна. Захиалсан шатахуун буувал бусад байгууллагатай адил үнээ нэмэх шаардлага үүсэх юм. Евро-5 шатахууныг 4950 төгрөгөөр худалдаална" гэж мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад энгийн АИ92 шатахуун 3040 төгрөг, евро-5 АИ92 шатахуун 4950 төгрөгөөр худалдаалж байна.
