АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ, БЭРХШЭЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.02.29/ зохион байгуулж байна.
Энэхүү зөвлөгөөнд 68 анги, байгууллагын 380 алба хаагч танхимаар, 4700 алба хаагч цахимаар хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай уг зөвлөгөөн нь 4 хэсгээс бүрдэх ба “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил, алба хаагчийн оролцоо”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо”, “Бэрхшээл ба боломж”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд тулгарч буй асуудал-Шийдэл” сэдвүүдийн хүрээнд алба хаагчид туршлага, тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэх юм.
Зөвлөгөөний үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, гэгээн дурсгалд зориулсан бичлэгийг үзэж сонирхлоо.
Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл нар хүрэлцэн ирсэн байна.