БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС КОФЕНЫ ҮНЭ ДЭЛХИЙ ДАЯАР НЭМЭГДЭЖ БАЙНА

GNNGNN
Sep 24, 2024  
 0
БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС КОФЕНЫ ҮНЭ ДЭЛХИЙ ДАЯАР НЭМЭГДЭЖ БАЙНА

Кофены үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг хоёр оронд байгалийн гамшиг учирсны улмаас үнэ нэмэгдэх боллоо. Дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч Бразилд олон жил тохиогоогүй ган болж, хоёр дахь хамгийн том үйлдвэрлэгч Вьетнамыг хүчтэй далайн хар шуурга дайрч өнгөрсөн. Үүний улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, үйлдвэрлэлийн зардал нэмэгджээ.

Бразил дэлхийн кофены үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгвэл тус улсад сүүлийн олон арван жил тохиогоогүй ган болж байгаа юм. Гангийн хуурай нөхцөл байдал арабика үр үргэдэг бүсүүдэд хүнд байгаа тул ургацыг бууруулжээ. Бразилын 2023-2024 оны ургацын мөчлөгт үйлдвэрлэл огцом буурч, зарим шинжээчид ургацын гарц 20 хувиар багасаж магадгүй гэж үзэж байна.

Хуурай цаг уурын нөлөөлөл Бразилийн кофе үйлдвэрлэдэг хамгийн том муж болох Минас-Жерайд мэдрэгдэж буй. Өндөр чанарын арабика үр ургадаг тус мужид олон сарын турш дунджаас доор тунадас буужээ.

Бразил арабика үрийн зах зээлд ноёрхдог. Харин Вьетнам бол найруулдаг кофенд хэрэглэдэг робуста үрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг орон. Энэ сарын эхээр Вьетнамын кофе тариалдаг гол бүс нутгуудыг Яаги хар шуурга дайрч өнгөрсөн. Үүний улмаас 60 хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртсэн юм. Урьдчилсан үнэлгээгээр олон мянган га талбай бүхий тариалангийн талбай шуурганд өртсөн байна. Энэ нь одоогийн болон ирээдүйн ургацад их хэмжээний хохирол учруулж болзошгүй. Учир нь кофены мод сэргэхэд олон жил шаардагддаг.

Энэ хоёр оронд тохиосон байгалийн гамшгийн улмаас дэлхийд кофены үнэ огцом өсөхөд хүргэжээ. Кофе экспортлогч болон импортлогч орнуудын үүсгэсэн Олон улсын кофены байгууллага (ICO) 2024 оны эхний гурван улиралд кофены үнэ 20 хувиар өссөн гэж мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн арав гаруй хугацаанд үзэгдээгүй түвшин юм.

Олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд менежмент хийдэг “Inverto” компанийн ажилтан Катарина Эрфорт кофены үнэ буурах магадлал тааруухан байгаа гэжээ. Тэрбээр “Euro News” агентлагт хэлэхдээ “Нийлүүлэлт сайжирлаа ч гэсэн кофены салбар сэргэх магадлал багатай” хэмээсэн байна.

Эрфорт нэмж “Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь үнийн тогтвортой байдалд хурдан эргэж ороход хүндрэл учруулж байна. Тус салбар ургацыг тасалдуулж болзошгүй цаг уурын эрс тус үзэгдэлд өртөмтгий хэвээр байгаа юм. Мөн дэлхийд эрэлт нэмэгдэж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж, нөхөн сэргэх хүчин чармайлтыг удаашруулна” гэжээ.

“Rabobank” фирмийн хөдөө аж ахуйн түүхий эдийн шинжээч Карлос Мера “Bloomberg”-т энэ хямралыг логистикийн асуудал илүү даамжруулж байгаа хэмээсэн юм. Боомтын түгжрэл, тээвэрлэлтийн савны хомсдол зэрэг логистикийн сорилтууд үүнд нөлөөлж байгаа гэж тэр хэлсэн байна.