БНСУ нь олимпын наадмын байт харвааны төрөлд дэлхийд хамгийн өндөр амжилт гаргаж, ноёрхож буй орон юм. Баянзүрх дүүрэг БНСУ-ын Укчон сумтай хамтын ажиллагааны хүрээнд байт харвааг хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж буй. Энэ зун байт харваагаар хичээллэдэг, Баянзүрх дүүргийн хоёр сурагчийг БНСУ-д 14 хоногийн вакум сургалтад хамруулсан. Сургалтын үеэр олимпын аварга Ким Ү Жинтэй уулзаж, KBS телевизийн нэвтрүүлэгт оролцсон зэрэг олон сайхан дурсамжийг бүтээсэн билээ.
Тэгвэл Укчон сумтай цаашид хамтын ажиллагааны хүрээнд илүү олон хүүхдийг сургалтад хамруулах, БНСУ-ын багш нарыг Монголд урьж сургалт хийлгэх, байт харвааны хэрэгслээр туслах зэргээр хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд эхний ээлжид ирсэн байт харвааны хэрэгслийг Баянзүрх дүүрэгт байрлах байт харвааны “Цацралт” клубт Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Уранбилэг хүлээлгэн өглөө.