БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМАНД 4,5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т есдүгээр сарын 15-ны өдрийн 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 13:41 цагт ОБГ-т мэдээлсэн. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан тухай хэлсэн ба бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй аж.