900 САЯ ТӨГРӨГӨӨР МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН БОДИС АВНА
Улсын хэмжээнд 676 орчим мянган мал хорогдоод байна. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэх эрсдэл байна. Энэ нөхцөл байдал удаандаа орон нутаг их цэвэрлэгээ хийхгүй бол тал нутаг малын сэг зэм, хогоор дүүрч, агаар, орчин бохирдуулан, халдварт өвчин ч дэгдээж болзошгүй нөхцөл байдал үүсэх юм.
Иймд малын сэг зэм, устгалын ажлын хэдийд эхлэх эсэх асуудлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн С.Батхуягаас тодрууллаа.
Малын сэг зэмийг хоёр янзаар цэвэрлэдэг. Нэгдүгээрт малын гоц халдварт өвчилсөн малыг зөвхөн мал эмнэлгийн хяналтын газрын зааврын дагуу устгалд оруулдаг бол байгалийн давагдашгүйи нөхцөл байдлаар буюу зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг тухайн аймаг сумын мал эмнэлгийн газар хэлтэс мөн малчид өөрсдөө хариуцаж устгах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл энэ хаврын зудад зүй бусаар хорогдсон мал ямар нэгэн гоц халдварт өвчнөөр үрэгдээгүй учраас устгал хийх ажлыг тухайн аймаг, сумын мэргэжилтнүүд малчидтай хамтраад хийнэ.
Мал их хорогдсон аймгууд /2024.02.21-ний өдрийн байдлаар/
- Хэнтий-234.933
- Сүхбаатар- 539.095
- Дорноговь-178.683
- Төв-119.246
- Дундговь-82.513
Энэ тоо цаашдаа ч нэмэгдэнэ. Орон нутгийн зам, гүвээ даваа ихэнх нь цасанд боогдсон тул тухай бүрд нь хорогдсон малын тоог гаргахад хэцүү байна. Малын сэг зэм устгалын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас эхлэхээр төлөвлөсөн. 900 сая төгрөгөөр малын сэг зэм устгалын бодис авна" гэж хариуллаа.