40 МЯНГАН ИРГЭНД ҮЙЛЧЛЭХ ОНОШИЛГООНЫ ТӨВИЙГ БАЯНЗҮРХЭД БАРЬЖ ДУУСЖЭЭ
Баянзүрх дүүрэгт бие даасан Оношилгоо, эмчилгээний төвийн шинэ барилга ашиглалтад орж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийсний дараа 2027 оны хоёрдугаар улирлаас иргэдэд үйлчилж эхлэх аж.Тус төвийн барилга болон үйл ажиллагааны бэлтгэл ажилтай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс нар танилцлаа. Энэ үеэр төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийг нийслэлийн төсөвт тусгах чиглэлээр санал солилцжээ.
Нийт 3,448 ам метр талбай бүхий тус төв нь жилд 30–40 мянган хүнд хүрч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд дүүргийн хүн амын тэргүүлэх өвчлөл, түүний шалтгаанд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх цогц үйлчилгээг үзүүлэх юм.Эмнэлэгт суурилаагүй бие даасан бүтэцтэй гэдгээрээ онцлог бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийг оношийн дагуу дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, бүрэн эдгэрэх хүртэл нь хяналтад байлгах тогтолцоогоор ажиллана.
Тус төвд дараах тасаг, нэгжүүд үйл ажиллагаа явуулна. Үүнд:
- • Үйлчилгээний кабинет болон лаборатори
- • Компьютер томограф, дүрс оношилгооны хэсэг
- • Дурангийн өрөө
- • Сэргээн засах эмчилгээний тасаг
- • Яаралтай тусламжийн хэсэг болон эмийн сан
Ташрамд дурдахад, энэхүү төв нь 2020 оноос хойш Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтад орж буй эрүүл мэндийн салбарын 7 дахь барилга болж байна.
