ЦЭРГИЙН АНГИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМ ГАРГАЖ НАЙМААЛСАН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГУУЛАХААР БОЛЛОО

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн зэвсгийн албаны дарга Д.Чимэдбаатар, тус аймаг Улаанбаатар хотын хооронд зорчигч тээвэрлэдэг иргэн Ц.Шинэзориг, нийслэлийн Захирагчийн ажлын албанд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн А.Саруулсайхан нарт холбогдох галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар эзэмшиж борлуулсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
Д.Чимэдбаатар тус ангиас их хэмжээний буюу 8000 гаруй сум гаргаж, Ц.Шинэзоригоор Улаанбаатар руу тээвэрлүүлэн талыг нь А.Саруулсайханд худалдсан хэрэгт холбогдсон юм. Тэдний сумны наймаа хийж буйг тагнуулын байгууллагынхан анх илрүүлээд ЭЦА-нд үргэлжлүүлэн шалгасан аж. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.4-1 дэх хэсгийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тус шүүх Д.Чимэдбаатар, Ц.Шинэзориг, А.Саруулсайхан нарт холбогдох хэргийг өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд хэлэлцээд байлдааны зориулалттай их хэмжээний сум олж авсан, тээвэрлэсэн, борлуулсан гэм буруутайд тооцсон юм. Ингээд Д.Чимэдбаатарт хоёр жил зорчих эрх хязгаарлаж, Өмнөговь аймгийн нутгаас гарахгүй байх, Ц.Шинэзориг, А.Саруулсайхан нарт 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.Шинэзоригийн “Тоёота алпард”-ыг, сум наймаалцаж олсон мөнгөний хамт улсын орлогод хураахаар шийдвэрлэсэн байна.
Уг шийтгэх тогтоолыг Д.Чимэдбаатар, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэлэлцээд хэргийн зүйлчлэл тохироогүй, мөнгө угаасан, албан тушаалаа ашигласан үйлдэл бий эсэхийг шалгаагүй гэх зэрэг үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаахаар боллоо.