ТАНИЛЦ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭР
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа. Үүнд
ü “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.
ü Орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
ü Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
ü Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байна. Хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ.
ü Хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэлээ.
ü Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа. Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.
ü Малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгалаа. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна.
Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр худалдаална
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Ингэснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.
Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлжээ.
Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ
Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаандтанилцууллаа.Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.Зудын улмаас малын сэг зэм их хэмжээгээр бий болж байгаатай холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах, малын гоц халдварт цэцэг, бог малын мялзан өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, вакцин, тарилга, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав. Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд “төмөр зуд”-ын, 17 аймгийн 139 суманд “цагаан зуд”-ын, 18 аймгийн 69 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 21аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байна. Төмөр зудтай сумдад 42436, цагаан зудтай сумдад 75022 малчин өрх нийт 117458 малчин өрх байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсөж 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2,136,563 буюу нийт малын 3.3 хувь хорогдоод байна.Зам даваа хаагдсан 15 аймгийн хэмжээнд 52,498 км зам гаргах шаардлагатайгаас нийт 49,699 км зам гаргаад байна.