ЧУУЛГАН: “ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

GNNGNN
Jul 8, 2025  
 0
ЧУУЛГАН: “ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхэнд “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэх асуудлаар санал хураалт явууллаа.

Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Тус тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд нэгдүгээр заалтад Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 260.3 сая ам.долларын хэмжээтэй зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргахад зөвшөөрөл олгох асуудлыг, хоёрдугаар заалтад тогтоолыг дагаж мөрдөх хугацааг зохицуулахаар тусгажээ.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж, сүүлийн 10 жилд нийслэл дэх бүртгэлтэй автомашины тоо 80 хувиар өсчээ. Нийслэлд өдөр тутам 580-680 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь одоо байгаа замуудын хүчин чадлаас хоёр дахин их ачаалалтай байна.

Иймд тойрог замын шинэ сүлжээ байгуулж, хотын төвийг тойруулан тээврийн урсгалыг дамжуулах нь түгжрэлийг бууруулах гол шийдэл болж байгааг албаныхан онцолж байна.

Тухайлбал, хотод бүрэн гүйцэд тойрсон хурдны зам байхгүй, гол чиглэлүүдийн зам уулзварууд хотын төвд огтлолцож байгаа нь ачааллыг төвлөрүүлэхэд хүргэдэг. Харин шинэ тойрог хурдны зам барьснаар авто урсгал хотын зах хэсгээр шууд холбогдож, төвийн дүүргүүдийн хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Судалгаагаар замын сүлжээг өргөтгөн, шинэ замуудыг нэвтрүүлснээр гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурах боломжтой аж.