НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Jul 22, 2024  
 0
НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долоодугаар сарын 8-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 900 хэрэг шалгагдаж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан “Л” нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан гэх, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Эх сурвалж: АТГ