Ж.СҮХБААТАР НАРЫН 24 ХҮНД ХОЛБОГДОХ НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эрүүл мэндийн эсрэг, Авлига, албан тушаалын тус бүр 2, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ЗАРИМ ХЭРГЭЭС ДУРДВАЛ:
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.