Ж.ЭНХБАЯР: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ОГЦОМ НЭМСЭН НЬ ТӨСВИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН

GNNGNN
May 19, 2026  
 0
Ж.ЭНХБАЯР: ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ОГЦОМ НЭМСЭН НЬ ТӨСВИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН

Хэлэлцэх сэдвийн хүрээнд гишүүд асуулт асууж, мөн үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуув. Тэрээр, "Төсвийн зардал дунд хугацаандаа бараг 40 их наяд төгрөг болох юм байна. Эдийн засгийн яамны бодлоготой нийцэх үзүүлэлт мөн үү. Өнөөдрийн хуралдаанаар Ж.Энхбаяр гишүүний хариултуудыг сонсоод байхад бусад байнгын хороодод ярьсан зүйлстэй чинь нийцэхгүй байх юм. 

Дунд хугацаандаа ₮40 их наядын зардалтай. Тэгээд багасна гэж зөндөө ярьсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг уншихад нүүрсний үнийг 127 ам.доллар болгоно гэх юм. Чадах уу? Өнөөдрийн бодитой дундаж үнэ нь хэд байгаа юм. 127 ам.доллар гэдгийг би хэлээд байгаа юм биш шүү. 

Та болохоор түүхэнд байхгүй нүүрс гаргасан, зэсийн үнэ түүхэнд байхгүй өндөр байна гэх юм. Бараг бүх л юм түүхэнд байхгүйгээр их хэмжээгээр экспортлогдоод байна. Гэтэл төсвийн алдагдал өсөөд байна. 

Цаашид төсвийн алдагдал өсөх юм уу, буух юм уу?  

Ер нь яагаад төсвийн алдагдал гарсан юм. Хүмүүсийн энд тэнд хариулж байгааг сонсохоор, "Урьдчилаад аваад хэрэглэчихсэн юм аа" гэх зэргээр янз янзын юм ярих юм. Таны амнаас сонсъё. Төсвийн алдагдлын гол суурь шалтгаан нь юу юм. 

Хэрэглээний үнийн индексийг худлаа аргачлалаар гаргадаг, худлаа тоо гэдгийг би жил бүр л хэлдэг. Хариулж байгаа хүмүүс нь сагсны бараа гэж яриад байх юм. Мах, сүү, гурил, будаа чинь тоймгүй үнэтэй болсон биз дээ. 

Хэрэглээний үнийн индексээ хар. Өсөлтийн түвшин нь 5-7 хувьтай байна. Бодож байгаа аргачлалаа зөв болгооч. Худлаа тоо яриад байх юм" гэв.

Асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариуллаа. 

-Нүүрс 127 ам.доллар гэдэг бол тэнцвэржүүлсэн үнэ. Хуулиар тусгайлан зааж өгсөн. Сүүлийн 20 жилийн үнийн дунджийг барь л гэж байгаа юм. Манай нүүрс чинь 300 ам.долларт хүрч байсан нь их өндөр түвшинд татаад, харин доошоо буухдаа 20-30 ам.долларт хүрч байсан. Энэ хооронд нүүрсний салбарын савалт болсон.  

Одоогийн үнэ бол зах зээлийн эрэлтдээ нийцээд, ашигт ажиллагаагаа хангаад явж байна. Экспорт сайн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллараар илүү экспорт нэмэгдсэн. Үнийн дүн болон, биетээр борлуулагдсан байдлаар. 

Төсвийн зардлын гол шалтгаан бол урсгал зардлаа нэмсэн асуудал юм. Цалин, тэтгэвэрийг огцом нэмсэн. Бид 2027 оны тухай ярьж байна. 4 их наяд төгрөгийн тооцоолоогүй шинэ зардал нэмэгдээд байна. Гэтэл эдийн засгийн суурь чадавх нь жилийн өсөлт нь 5, 6 хувь гээд тооцож байгаа хэмжээгээ бариад л байна. Урсгал зардлын эрс өсөлт нь энэ нөхцөл байдалд хүргэж байна.

Хэрэглээний үнэ буюу инфляцыг тооцох аргачлал бас л хуулиар заасан зүйл. Сагсны 430 барааны хүрээнд гарч байгаа. Үүнд хүнсний барааны бүлгийн үнэ өндөр байна. Нэг асуудал байгаа нь дотоодоосоо зохицуулах боломжтой мах, ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр гараад байгаа юм. Инфляцын 10.5 хувийн өсөлтийн 3.7 хувь нь дангаараа махны өсөлт. Тэгэхээр бид мах бэлтгэл зохион байгуулалтын алдаа гаргасан нь тодорхой. Сүүлийн гурван жилд ийм үнийн өсөлттэй алдаа гараагүй л явж ирсэн байхгүй юу. 

Энд Засгийн газар өөрийн эрхгүй хянах, шалгах, эрхээ хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Тэгэхээр эдийн засгийн суурь өсөлт 5-8 хувь дотор тасралтгүй өсөөд байна. Урсгал зардал дээрээ анхаарч өгөөч ээ гээд байгаа юм" гэв.

   11 цаг 20 минут
2026.05.19

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэх юм.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь  хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/