Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЖАГСАЖ БАЙГАА ЗАЛУУСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД УИХ АНХААРАЛ ХАНДУУЛНА

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын таван намын төлөөллүүд "Огцрох амархан" жагсаалын төлөөлөл болсон дөрвөн залууг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар ямар асуудлыг ярилцсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.
Тэрээр "Гадаа талбайд жагсаал хийж буй залуучууд УИХ-ын даргад санал тавьсан. Тийнхүү УИХ-ын дарга, УИХ-ын хяналтын хэрхэн ажиллаж байгаа, ер нь УИХ ямар бодолтой байгаа талаар дөрвөн залуу ирж уулзалт хийсэн. УИХ-д байгаа 126 гишүүнийг төлөөлөөд таван намын төлөөллүүд эдгээр залуустай уулзлаа. Залуучууд үндсэндээ Ерөнхий сайдад ёс зүйн талаас ямар арга хэмжээ авч болох, орлогоо нотлохын тулд ямар үйлдлүүд хийж болох тухай ярилцлаа. Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай асуудлыг УИХ хэрхэн хэлэлцэж, ямар дүрмийн дагуу хуулиар хэлэлцэх асуудлыг ч ярьсан юм. Түүнчлэн залуучууд парламентын тогтолцоогоо зөв гэж үзэж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэх бодлого парламентын хүрээнд болон хууль тогтоох байгууллагын хүрээнд асуудал байгаа юу гэх зэрэг эдгээр асуудлын талаар ярилцлаа.
Ерөнхий сайдын хувьд итгэл хүлээлгэх тухай албан тоотоо ирсэн байгаа. Энэхүү албан тоотыг бид нар залуучуудад танилцуулсан. Хуулийнхаа хүрээнд улсын төсөвтэй холбоотой болон тодорхой бодлогын хүрээнд Ерөнхий сайд тогтоолын төслийг өргөх боломжтой байсан. Үүний дагуу өргөн барьсан байгаа. Хуульд заасны дагуу гурван хоногийн дараа буюу нэг дэх өдрөөс процесс явагдаж эхлэх юм. Хэлэлцэх хугацаа 10 хоногийн дараа явагдана.
Ерөнхий сайд нэгэнт өөрөө асуудлаа дэвшүүлээд намын дээд байгууллагад, намын хурал руу асуудлаа дэвшүүлж мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд өөрөө орж ирэн асуултад хариулах юм.
Ерөнхий сайд УИХ-ын чуулганаар 126 гишүүний өмнө бүх тайлангаа тавьж, асуултад хариулна.
УИХ-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя, засаглалаа өөрчилье, шинэчлье гэсэн бодлого байхгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр бид нар парламентын засаглалаа улам сайжруулж ардчилсан үзэл санааг бий болгох тал дээр улам илүү ажиллах ёстой талаар ярилцсан. Залуучуудын хувьд аюулгүй байдлыг хангах тухайд асуудлыг тавьсан. Харин парламентын зүгээс, УИХ-ын даргын зүгээс залуусын аюулгүй байдлыг хангах тал дээр Хууль зүйн байнгын хороо болон хуулийн байгууллагад тодорхой хэмжээний асуудлууд тавьж, маргаашаас жагсаж байгаа залууст анхаарч, дарамт шахалт юу байсан, үгээ хэлэх эрх чөлөөг хангах асуудлууд дээр анхаарч ажиллахаар болсон" гэлээ.