УТААГ БУУРУУЛЖ, 17 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО
Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган өрхийг дулаалга, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөжээ. Мөн 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн гэр, сууцыг дулаалж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системд шилжүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва арваннэгдүгээр сарын 3-4-нд зохион байгуулж буй “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын үеэр мэдээлжээ.
Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймд эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд үе шаттай шилжүүлэхээр зорьж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбожээ. Мөн 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн байна.
Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай, батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болсон байна. Тус үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.
Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Иймд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байна.
Харин орон сууцжуулалтын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвд инженерийн дэд бүтцийг бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байгаа аж. Нийслэлийн 26 байршил, 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий цогц орчин бий болгохоор төлөвлөжээ. Үүний хүрээнд 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулах юм.
