Я.СОДБААТАР: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ТОМИЛУУЛАХ ХҮСЭЛТЭЭ МАРГААШ ХҮРГҮҮЛНЭ

МАН-ын Бага хурал өнөөдөр болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг олонхын саналаар тодрууллаа.
Хуралдааны үр дүнгийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар,
"МАН-ын Бага хурлын 7-р хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулах саналыг хэлэлцлээ.
Дөрвөн нэр дэвшигч яригдсан. Өглөө МАН-ын УЗ хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор Г.Занданшатарыг оруулсан. Зааланд гурван хүн нэмэгдсэн. Хоёр нь нэрээ татаж, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн гэсэн хоёр нэр дэвшигч дээр санал хурааж дүн гараад байна.
Тэднээс өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн асуудлаар асуулт асуусан. 50 гаруй хүн санал онолоо хэлж, хуралдаан өргөн хүрээнд боллоо. Ийнхүү 67.54 хувийн саналаар Г.Занданшатарыг МАН-ын Бага хурал Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо.
Маргааш бид Үндсэн хуульд заасны дагуу шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналыг хүргүүлнэ.
Бид олон талаас нь ярилцаж энэ шийдвэрийг гаргаснаа дуулгахад таатай байна.
-Шинэ Ерөнхий сайд танхимаа бусад намуудтай хамтарч байгуулах уу?
-МАН-ын 6-р Бага хурал хэдхэн хоногийн өмнө хуралдсан. Хамтарсан ЗГ дээр шийдвэрээ гаргачихсан. Энэ удаа бол шинэ Ерөнхий сайдыг тодрууллаа. Тэр томилогдоод бүтэц бүрэлдэхүүнээ оруулах, хэрхэн ажиллахаа нээлттэй зарлаад явах болов уу. Хоёр нэр дэвшигч энэ тал дээр тодорхой байр суурийг илэрхийлсэн. МАН бол парламентад олонхыг бүрдүүлж байгаа хүчин.
-Намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн дүрэмтэй, энэ агуулгаар Г.Занданшатар намын дарга болох уу?
-Ийм зүйл өмнө нь болж байсан. Тиймд дүрмийн дагуу дараагийн зүйлс өрнөнө гэдгийг хэлье.