Э.БАТ-АМГАЛАН НАР САЙДААР АЖИЛЛАХ САНАЛ ИРВЭЛ ХҮЛЭЭЖ АВНА

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар шинэ Ерөнхий сайд тодорсны дараа танхимдаа ажиллах санал тавибал татгалзах зүйлгүй хүлээн авч ажиллах болно гэдгээ илэрхийлээд байна.
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Шинэ Засгийн газрын тэргүүн сайдаар ажиллах санал тавиал үргэлжлүүлэн ажиллана. Ажлаа өг гэвэл асуудалгүй, бэлдчихсэн байгаа” гэх байр суурь илэрхийлж буй.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд “Сайдаар ажиллах санал тавибал Засгийн газарт орж ажиллахад айгаад байх зүйл алга” гэж мэдэгдээд байгаа юм.
МАН Бага хурлаараа шинэ Ерөнхий сайдыг тодруулахаас урьтаад өнгөрсөн өдрүүдэд дараагийн Засгийн газрын сайд нар тодорч эхэлсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Сошиал ертөнцөд МАН-аас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүд голчлон сайдад нэр нь яригдаж байгаа тухай мэдээлэл цацагдаж, зурагтайгаа залрах болсон. Гэвч сэтгүүлч нарын асуултад тоймтой хариулт өгөхгүй, бөөрөнхийлж ирсэн. Тэгвэл эр зориг гаргаад хоёр гишүү нь сайдаар ажиллах санал ирвэл татгалзах зүйлгүй гэдгээ ил тод зарлалаа.