УЛААНБААТАРЫГ 14 ХОТОД ХУВААЖ, БИЕ ДААН ХӨГЖҮҮЛНЭ

GNNGNN
May 31, 2024  
 0
УЛААНБААТАРЫГ 14 ХОТОД ХУВААЖ, БИЕ ДААН ХӨГЖҮҮЛНЭ

1990 оноос хойш нийслэл Улаанбаатар хотын хүн ам 2 дахин, суурьшлийн бүс 6 дахин нэмэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хуучин хуулиараа явж байгаа нь түгжрэл, агаар хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийн асуудал зэргийг цогцоор шийдэх боломжгүйд хүргэжээ. 

Харин Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлэх хуулийн төсөл яригдаж байна. Энэ хууль батлагдвал нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэсэн Шинэ Зуун мод хот, Дархан, Эрдэнэт,  Багануур, Налайх зэрэг төвлөрсөн суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх боломж үүсэх юм. 

Хуулийн төсөлд зааснаар Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэх ажээ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна.