Б.ПҮРЭВДАГВЫН АВЬЯАСЫГ ГАРГАСАН $400 САЯЫН САНХҮҮЖИЛТЫН $250 САЯ НЬ Л БАТАЛГААЖСАН
Хотын дарга Б.Пүрэвдагва DJ хийж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тэрбээр энэ талаараа "COP17 хурлын үеэр 400 сая ам.доллар одоогийн байдлаар босгоод байна. Гадны хөрөнгө оруулагчдадаа баярласнаа илэрхийлээд хөгжим тавьж өглөө. Австралид оюутан байхдаа хичээлийн хажуугаар DJ хийдэг байсан юм" хэмээн тайлбарласан. Тэгвэл энэ тайлбарт буй 400 сая ам.доллар буюу 1.4 их наяд төгрөгийг хаанаас, ямар төсөлд авахаар болсон тухай мэдээллийг хүргэе.
Тус мөнгөн дүнг нээлттэй мэдээллээр нягталж үзэхэд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс 250 сая ам.долларын санхүүжилт босгож буйгаас өөр дүн олдохгүй байна.
Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, ногоон хот болгон хөгжүүлэхэд дөхөм болно гэж үзжээ.
Харин COP17-ын үеэр мөнгөн дүн тусгагдаагүй ч хэд хэдэн санамж бичиг байгуулсан байна.
Нэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ
Санамж бичиг байгуулснаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улаанбаатар хотын гэр хорооллын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд санхүүжилт татах боломжийг судалж, боломжит санхүүжүүлэгч түншүүдтэй хамтрахад дэмжлэг үзүүлнэ. Мөн олон нийтийн оролцоотой ногоон хөгжлийн загварыг хөгжүүлж, хамтын санхүүжилтээр ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх юм.
Хоёр. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын “Альварез энд Марсал” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус компанитай хөрөнгө оруулалтын аливаа төслийн бэлэн байдлыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ авах, олон улсын санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоох чиглэлд хамтарна.
Гурав. Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Тус санамж бичгийн хүрээнд дараах төслүүдэд хамтарна.
- ДЦС5-аас гарах нүүрсний шаталтын хаягдлыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх төсөл,
- Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл,
- Улаанбаатар хотын ногоон дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх болон эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэх төсөл,
- Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, хэсэгчилсэн дэд бүтцийн шийдэл бүхий амины орон сууцны төсөл зэрэг төслүүдэд судалгаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх бүтэц, хүний нөөцийн солилцоо болон технологи дамжуулах чиглэлээр хамтарна.
Дөрөв. Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
Уг санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,
- Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
- Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
- Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
- Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.
