УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ ХЭДЭН ДАЛДААКУУДААС БОЛЖ ЗАСГИЙН ГАЗАР ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРСОН
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар уламжлал ёсоор нээлтийн ёслолд оролцов. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ улс төрийн талцал, парламентын сахилга хариуцлага, хуулийн засаглал болон намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудыг онцоллоо. Тэрээр “Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй, амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна” гэв. Мөн УИХ хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө болон гишүүдээсээ эхлүүлэх ёстойг онцолж, УИХ-ын тухай багц хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатайг хэллээ. Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус, иргэдийн төлөөх цаг” хэмээн УИХ-ын дарга мэдэгдэв. Түүнчлэн олон жил үргэлжилсэн намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоох, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудыг нэн тэргүүнд эрэмбэлэн батлах шаардлагатайг онцолсон юм.
УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордонд улстөрчид цаг үеийн анхаарал татсан асуудлаар мэдэгдэл хийв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
- Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакуудаас болж Засгийн газар ийм нөхцөл байдалд орсон. Одоо нөхцөл байдал хүндрээд ирэнгүүт би үхэхээр чи үх гэж энэ асуудалд А.Ариунзаяа буруутай. О.Саранчулуун, С.Амарсайханаас боллоо гэж явуургүй жижиг улс төр хийж байна. Ингээд хол явахгүй дээ. Одоо бол МАН ажлаа хийх цаг. Би Н.Учралыг Ерөнхий сайд болж байхад нь хэлж байсан. Өөрийн толгойтой байгаарай гэж. Тэгвэл түүхэнд үлдэх Ерөнхий сайд болно. Өөрийн толгойгүй явбал хананд зургаа өлгүүлсэн түр хугацааны Ерөнхий сайд болно гэж. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Дандаа хүн хардаж сэрдэж байдаг хүмүүс сэтгэцээ үзүүлэх хэрэгтэй. Эмнэлэгтээ очиж хэвт л дээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: - Гурван шатны шүүхээр цагаадсан намайг дахин шүүж байгаа нь Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй гэх арга. Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүн шалгагдаж одоо 40 гаруй нь шүүгдэж байгаа. Тэр хүмүүс надаас болж л дахин дахин шүүхийн хаалга татаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Айж эмээгээд байх зүйл байхгүй. Юм хийе гэсэн бодол байна. Засгийн газар солигдоод иргэдийн амьдрал сайжрах эсэхийг МАН-аас асуу. Ерөнхий сайдыг огцруулах бичигт би аль хэдийнэ гарын үсгээ зурчихсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Улс төрчид, бизнесийнхэн, хуулийн хүчний байгууллагуудын өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ өнөөдөр бүрэн утгаараа Монголын сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээрээ ажиллаж байна. Энэ хууль бус бүлэглэл улс төр, улс орон, хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцуулж байна. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын алба хаагчид улс төрийн аливаа акц хийхийг хатуу хориглосон заалттай. Харамсалтай нь бүлгээрээ сууж байгаад тавилаа. Төрийн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн нөхдийн амь тавих гэсэн процесс юм.
