УИХ-ЫН ГИШҮҮД ХЭЛЭХ ҮГ, АВАХ ЦАЛИНТАЙГАА УРАЛДАХ УУ?

GNNGNN
May 21, 2026  
 0
УИХ-ЫН ГИШҮҮД ХЭЛЭХ ҮГ, АВАХ ЦАЛИНТАЙГАА УРАЛДАХ УУ?

Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн "хэл ам"-ыг цэгцлэх үйлс урьд хожид байгаагүйгээр эрчимжиж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр чуулганы танхимд хэн нь илүү "соёлтой", хэн нь илүү "амгалан" бэ гэдэг уралдаан зарлагдах шахав.

Шинэ хуулийн төслөөр бол гишүүд зүгээр нэг үг хэлэх биш, харин "Ёс зүйн дэд хорооны" хатуу хараан дор, хэтэвч болон эрхээрээ дэнчин тавьж байж дуугарах болох нь.

Чуулганы үеэр үг хэлэх дуртай, "чанга" гишүүдийн төлөөлөл Б.Пүрэвдорж шуудхан л гомдлоо мэдүүллээ. Тэрбээр: "Ард түмний үгийг дамжуулах гэхээр л минут хязгаарлаад, дэгийн хууль өөрчлөх болохоор л миний эсрэг юм хийх юм. Хашхирч болохгүй, зэрэгцэж дуугарч болохгүй гэхээр чинь яаж үг хэлэх юм бэ?" хэмээн бухимдав. Ард түмний элч хүн арай чанга дуугаар, асуудлыг хөндөх эрхгүй болж байгаад тэрбээр тун ч дургүй байгаа бололтой.

Харин хууль санаачлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүн үүнд тун ч тайван бөгөөд "халамжтай" хариулт өгсөн юм. Тэрбээр: "Манай Б.Пүрэвдорж гишүүн өөрөө нэлээд хатуухан үгтэй болохоор үүнд арай эмзэг хандаад байх шиг байна. Ер нь чуулганы танхимд бие биенээ гүтгэж, доромжилдог явдал хэрээс хэтэрсэн тул Ёс зүйн дэд хороогоор л учраа олцгооё" хэмээн гишүүний "шархыг" сэдрээж орхив.

Хэрэв энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүд хэлэх үгээ "алт" мэт харамлах хэрэгтэй болох нь. Учир нь ёс зүйн шугамыг давсан гишүүдэд дараах "хайр найргүй" шийтгэлийг оноохоор зэхэж байна.

Амыг нь үдэх тактик: Зөрчил гаргавал 30 хоног хүртэл хугацаагаар чуулганд асуулт асуух, үг хэлэх эрхийг нь шууд хасна. (Нэг сар орчим зүгээр л гараа өргөөд суух сонголт).

Уучлал гуйх уралдаан: Буруугаа хүлээж, албан ёсоор уучлалт гуйхыг үүрэг болгоно.

Хэтэвчийг нь нимгэлэх: Албан тушаалын цалинг нь 20 хувиар, 3 сар хүртэл хугацаагаар хасна.

Төсвийг нь царцаах: Туслах, зөвлөхийн цалингаас бусад, тухайн гишүүнд сар бүр олгодог үйл ажиллагааны санхүүжилтийг тасална.

Шинэ хуулийн төсөл батлагдвал манай парламент дэлхийн хамгийн "чимээгүй", "томоотой", бас уучлалт гуйхдаа гаршсан гишүүдтэй төрийн байгууллага болох ирээдүй ойрхон байна. Гишүүд иргэдийн дуу хоолойг хүргэхийн тулд цалин болон үг хэлэх эрхээрээ "бооцоо" тавих уу, эсвэл зүгээр л чимээгүй суух уу гэдгийг цаг хугацаа харуулна.