Н.УЧРАЛ: ЭМЧ НАР "И-МОНГОЛИА" АШИГЛАЖ, ГАР УТСААРАА ЖОР БИЧНЭ

GNNGNN
Nov 11, 2024  
 0
Н.УЧРАЛ: ЭМЧ НАР "И-МОНГОЛИА" АШИГЛАЖ, ГАР УТСААРАА ЖОР БИЧНЭ

Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороод буй. Энэ нь иргэд болон эмч, эмийн санчдад эргэлзээтэй, тодорхойгүй олон асуудлыг үүсгэсэн. Үүнээс үүдэж тус жагсаалтыг эргэн харахаар болж эмийн зөвлөл ч хуралдахаа мэдэгдэж байв.

Тэгвэл ЗГХЭ-ийн сайд Н.Учрал өчигдөр буюу ням гарагт иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд дээрх асуудлаар ажиллаж, иргэдийн гомдол саналыг сонссон байна.

Тэрбээр, "Олон асуудал овоорсон байна. Тэр дотроосоо эмээсээ жор нь илүү чухал болсон асуудал иргэдийн дунд тулгамдсан асуудал болж хувирлаа. Өвчин зовлонтой хүнд цаг явж өгдөггүйг би өөрөө сайн мэднэ. 24 цагийн эмийн сан байлаа ч гэсэн 24 цагийн жор гэж алга. Нэг ёсондоо өвдөөд зовоод ирсэн хүнээс жор нэхдэг, жорыг заавал цаасаар шаарддаг энэ байдлыг зогсоогооч ээ гэж иргэд хүсэж байна.

Би өнгөрсөн хугацаанд Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төр, хувийн, өрхийн гээд бүхий л эмнэлгүүдийг мэдээлэл солилцох боломжоор хангах ажлыг хийсний үндсэн дээр гар утсан дээр "И-Монголиа"-д бүх эмийн жор, өвчний түүхүүд бүгд орсон байдаг. Гэсэн хэдий ч яагаад өнөөдөр эмийн санд ажиллаж байгаа хүмүүс иргэдээс цахим биш цаасан жор нэхээд байгаа юм бэ гэдэг асуулт асуугдсаар байна. Тийм ч учраас энэ асуудлын мөрөөр нэг дэх өдөр 10 цагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 11-11 төв дээр ажиллуулах болно.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн заасан заавал цаасаар жор бичих биш бидний бэлтгэсэн, хэрэгжүүлж байсан цахимаар шууд жор бичих буюу эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаа гаргаад иргэдэд жор бичих бололцоог хангах системийг хэрэгжиж эхлэх үүрэг даалгавар өгнө" гэлээ.