УИХ-ЫН БОЛОН ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГЫГ НЭМЖЭЭ

GNNGNN
May 18, 2026  
 0
УИХ-ЫН БОЛОН ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГЫГ НЭМЖЭЭ

Ерөнхийлөгчийн гэх тодотголтой УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг парламентаас үзэл баримтлалын хувьд дэмжээд сарын хугацаа өнгөрсөн байна. УИХ-ын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг нэгтгэж авч явна гэсэн шалтгаанаар ажлын хэсэг ч байгуулагдаагүй өнөөг хүрэв.

Тэгвэл тус ажлын хэсэг байгуулах ажлыг удтал "уясан" УИХ-ын Тамгын газраас боловсруулан хуулийн төслийг харъя. Хуулийг төслийг хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлээд буй.

Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг зохицуулдаг гурван гол хуульд өөрчлөлт оруулах юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах юм.

УИХ-ын тухай хуулийг дараах байдлаар өөрчлөхөөр тусгажээ

Байнгын хороодыг задалж, тоог нь нэмнэ. Одоогоор УИХ найман байнгын хороотой үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Хууль зүй, хүний эрхийн байгуулж, нийт 11 байнгын хороотой байхаар тусгажээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд олгодог 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг хоёр сар болгон бууруулжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд |41.9| "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж заасан байдаг.

Хуулийн төсөлд |41.9| "Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д заасны дагуу тэтгэмж олгох бөгөөд тэтгэмж олгохтой холбогдсон журмыг энэ хуулийн 47.4-т заасан захирамжаар батална" хэмээн тусгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан зүйлд 82.1.Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заажээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил тул угзүйлийн хоёр дахь заалт болох тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх" гэсэнд хамаарах аж.

УИХ-чуулганы дэгийн тухай хуулийг ингэж өөрчилнө

Хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг өргөтгөсөн байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд УИХ-ын гишүүн хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулах, хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, хуралдааныг орхин гарахыг үүрэг болгох, хуралдаанд оролцох эрхийг хасах хэлбэрээр заасан байдаг.

Хуулийн төсөлд Ёс зүйн дэд хороо гишүүнд дараах тохиолдолд гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын цалингийн зардлаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

  • 15.11.1.гишүүн энэ хуулийн 7.3, 7.5, 10.12-т зааснаас бусад тохиолдолд нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй;
  • 15.11.2.гишүүн ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн, эсхүл харьяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
  • 15.12.Энэ хуулийн 15.19-д заасан мэдээлэлд үндэслэн Ёс зүйн дэд хороо энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-т заасан асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүнд хариуцлага хүлээлгэнэ.
  • 15.13.Энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-д заасан хариуцлага хүлээлгэсэн тухай Ёс зүйн дэд хороо тухайн гишүүнд, гишүүний харьяалагдах нам, эвслийн бүлэгт болон Улсын Их Хурлын даргад даруй мэдэгдэнэ.
  • 15.14.Энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-д заасан хариуцлага хүлээлгэсэн Ёс зүйн дэд хорооны шийдвэрийг гишүүн эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш холбогдох баримт, нотолгооны хамт ажлын 3 өдрийн дотор Ёс зүйн дэд хороонд уг шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргаж болно. Ёс зүйн дэд хороо дахин нэг удаа хянан хэлэлцэж, өмнөх шийдвэрийг өөрчлөх, хэвээр үлдээх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.
  • 15.15.Ёс зүйн дэд хороо гишүүнд энэ хуулийн 15.7, 15.10, 15.11-д заасан хариуцлага хүлээлгэсэн талаар нэгдсэн хуралдаанд тухай бүрд мэдээлнэ.
  • 15.16.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа хуралдаанд биечлэн оролцоогүй бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хасах тухай ажлын хэсгийн ахлагчийн ирүүлсэн саналыг ажлын хэсгийг Байнгын хорооноос байгуулсан бол тухайн хорооны хуралдаанд, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан бол нэгдсэн хуралдаанд танилцуулснаар хасагдсанд тооцно.
  • 15.17.Гишүүн хянан шалгах түр хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш удаа оролцоогүй бол түүнийг түр хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай түр хорооны даргын саналыг хуралдаан даргалагч нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тухайн түр хорооны бүрэлдэхүүнээс хасагдсанд тооцно.
  • 15.18.Энэ хуулийн 15.16, 15.17-д заасан үндэслэлээр гишүүнийг ажлын хэсгийн болон хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс хассан бол шийдвэр гаргахгүй.
  • 15.19.Тамгын газар гишүүний тухайн долоо хоногийн нэгдсэн, Байнгын, дэд хорооны хуралдааны ирц, санал хураалтад оролцсон байдал болон хуралдааны явцад гишүүнд энэ зүйлд заасан хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээллийг Ёс зүйн дэд хороонд дараа долоо хоногийн ажлын эхний өдөрт багтаан тус тус хүргүүлэх юм.