ЦЭРГҮҮД УРГАЦ ХУРААЛТАД ӨДРИЙН 70 МЯНГААР АЖИЛЛАЖ БАЙНА
Намрын ургац хураалт цэргийнхний нуруун дээр явж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу намрын ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдаас гадна зарим нэгтгэл, ангийн офицер, ахлагч нар нэмэлтээр оролцож байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 186 дугаар ангийн 20-30 хүртэлх бүрэлдэхүүнтэй багууд Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн бүс нутагт хүнсний ногоо хураах ажлыг гүйцэтгэж буй.
Батлан хамгаалах яамнаас тодруулснаар цэргүүд ургац хураалтанд өдрийн 70 мянган төгрөгөөр ажиллаж байгаа гэнэ.
Хоол, байр гэх мэт шаардлагатай зүйлсийг газар тариалан эрхлэгч компани нь олгож байгаа бөгөөд өдрийн гурван удаагийн халуун хоолтой, дулаан вагончикт байрлаж байгаа аж.
Энэ жилийн ургац хураалтын ажил урьд жилүүдтэй харьцуулахад 7-10 хоногийн өмнө эхэлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр ургац хураалтын ажил 44-85 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
Тэгвэл аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 257.49 мянган га талбайгаас 335.7 мянган тонн үр тариа, үүнээс 234.53 мянган га талбайгаас 302.34 мянган тонн улаанбуудай, 16.18 мянган га талбайгаас 212.4 мянган тонн төмс, 11.99 мянган га талбайгаас 157.63 мянган тонн хүнсний ногоо, 33.69 мянган га талбайгаас 84.30 мянган тонн тэжээлийн ургамал, 56.23 мянган га талбайгаас 25.25 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ | ||||||
Д/д | Таримлын төрөл | Хураах талбай (га) | Хураасан талбай (га) | Хувь | Нэгжийн ургац (цн) | Нийт ургац(тн) |
1 | Үр тариа | 340,865 | 257,499 | 75.5 | 13.0 | 335,716 |
Үүнээс Улаанбуудай | 305,992 | 234,535 | 76.6 | 12.9 | 302,348 | |
2 | Төмс | 18,391 | 16,188 | 85.5 | 131.2 | 212,457 |
3 | Хүнсний ногоо | 18,001 | 11,998 | 66.7 | 131.4 | 157,633 |
4 | Тэжээл | 93,717 | 33,698 | 36.00 | 25.02 | 84,308 |
5 | Тосны ургамал | 125,209 | 56,234 | 44.99 | 4.50 | 25,251 |