ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ ЗӨНӨГРӨЛ, УНАЛТ ТАТАЛТ, СЭТГЭЛ ГУТРАЛД НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ БАТЛАГДЖЭЭ
Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй дулаарал нь зөнөгрөл, уналт таталт, сэтгэл гутрал зэрэг өвчнүүд элбэгшиж, улам хүндэрч болзошгүй байгаа ажээ. “University College London” их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаандаа хэт халалт ба уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгууд нь голлох мэдрэлийн өвчин, сэтгэцийн эмгэгүүдэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Үр дүнд нь хүрээлэн буй орчны нөлөөнд тэдгээр өвчнүүд архагшаад зогсохгүй өвчтөнүүд эмнэлэгт хүргэгдэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, бүр амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг олж тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлт биеийн эрүүл мэндэд нөлөөлөх байдал, ялангуяа халдварт болон амьсгалын замын өвчнүүдэд хэрхэн нөлөөлдөг нь сайтар судлагдсан байна. Гэвч үүгээр зогсохгүй мэдрэлийн тогтолцооны эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг нь ийнхүү тодорхой боллоо. Хэт халалт өвчний хүндрэлийн суурийг тавьж буй цаад шалтгаан нь биеийн дулаанаа зохицуулах механизм аж.
“Температурын хэлбэлзэл нь маш бага байж тархи хэвийн ажиллах ёстой. Хэрэв тархи өвчилсөн бол дулаанаа зохицуулах чадвар нь сааталд ордог. Мэдрэлийн өвчтнөөр жишээ авъя л даа. Түүнийг хэт халуун орчинд байлгахад тархи, мэдрэлийн өвчин нь улам сэдэрнэ” хэмээн судалгааг ахалсан профессор Санжай Сисодия ярьжээ.
Мөн мэдрэлийн эмгэг хэт халалттай холбогдох гол механизмыг олж тогтооход илүү их судалгаа хэрэгтэй байгааг тэрбээр хэлж байв. Энэхүү шинэ судалгааг хийхдээ судлаачид хүрээлэн буй орчин мэдрэлийн 19 өвчинд нөлөөлсөн тухай 332 судалгааны тайлан дээр дүн шинжилгээ хийсэн байна. Тэдгээр өвчний дунд хүндрэл нь хамгийн их байгаа Алцхаймер, зөнөгрөх өвчний хэд хэдэн хэлбэр, мөн мигрень, цус харвалт, склероз ба менингитийн олон төрлийн өвчнүүд байжээ. Судлаачид мөн сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг, шизофренитэй холбоотой судалгаануудыг цуглуулсан байна. Учир нь сэтгэцийн эдгээр эмгэг нь мэдрэлийн өвчнүүдтэй үе үе хавсардаг аж. Судалгаанаас үзвэл цаг агаарын байдал өвчин бүрд өөр өөр нөлөө үзүүлж байсан байна. Хэдий тийм боловч дийлэнх өвчний шинж тэмдгүүд улам архагшин хүндэрч байжээ.