"TOYOTA" КОМПАНИ "LAND CRUISER 300", "LEXUS 500D" АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТЫГ ЗОГСООВ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
"TOYOTA" КОМПАНИ "LAND CRUISER 300", "LEXUS 500D" АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТЫГ ЗОГСООВ

Японы "Toyota" компани туршилтын явцад илэрсэн хөдөлгүүрийн доголдлоос шалтгаалж "Land Cruiser 300", "Lexus 500", "Hilux", "Hiace", "Fortuner", "Innova" зэрэг загварын автомашины борлуулалтыг зогсоож байгаа талаар мэдэгдлээ.

Японы Зам тээврийн яам өнгөрсөн долоо хоногт автомашины аюулгүйн дэрний доголдлоос шалтгаалж "Toyota" группын охин компани болох "Daihatsu" компанид үйлдвэрлэсэн "Toyota Town Ace Truck", "Daihatsu Gran Max" болон "Mazda Bingo" гэх загварын автомашины гэрчилгээг цуцлах шийдвэр гаргаад байв.

Тэгвэл тус группын өөр нэг охин компани болох автомашины хөдөлгүүр үйлдвэрлэгч "Toyota Industries" компанид үйлдвэрлэсэн "1GD", "2GD", "F33A" дизель хөдөлгүүрийн программ хангамжид доголдол гарсан талаар даваа гаригт мэдээлсэн юм. "Toyota" компанийн мэдээлснээр "Land Cruiser 300", "Lexus 500D" тэргүүтэй тус компанийн үйлдвэрлэдэг 10 автомашины загварт эдгээр хөдөлгүүрийг ашигладаг байна. Үүнээс зургаан автомашин нь зөвхөн Японы дотоодын зах зээлд борлуулагддаг бөгөөд экспортод гардаг "Land Cruiser 300", "Lexus 500D" зэрэг автомашины тээвэрлэлтийг зогсоогоод байгаа аж.

"Toyota Industries"-ийн мэдээлснээр өнгөрсөн онд тус компани доголдол илэрсэн гурван хөдөлгүүрийг нийт 840 мянган тээврийн хэрэгсэлд суурилуулсан байна. Харин "Toyota" группын зүгээс өнгөрсөн онд доголдолтой хөдөлгүүр бүхий хэдэн тээврийн хэрэгслийг зах зээлд борлуулсан талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Гэхдээ "Toyota" групп эдгээр загварын автомашиныг өмнө нь худалдаж авсан хэрэглэгчдэд хандан аюулгүй ажиллагааны асуудалд баталгаа өгөх бөгөөд ямар нэгэн доголдол байхгүй болохыг мэдэгдсэн байна.