ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХЭД ҮҮССЭН 850 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ ХЭН ТӨЛӨХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БОЛЖЭЭ

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ахмад настнуудын 6 сая төгрөг хүртэлх хэмжээний зээлийг нэг удаа тэглэхээр болсныг ард түмэнд зарласан. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ яаралтай горимоор баталж байсан. Ингээд нийтдээ 300 орчим мянган ахмад настны тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг.
Тэгвэл тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан эх үүсвэрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар 850 тэрбум төгрөгийг хэн төлж, барагдуулах нь тодорхойгүй, Монголбанкны баланс дээр алдагдал болон бичигджээ.
Анх тэтгэврийн зээлийг тэглэхдээ Салхитын алт, мөнгөний ордыг үндэслэн “Эрдэнэс Силвер Ресурс” компани байгуулсан. Дараа нь тус компани дотоодод бонд босгож, түүгээр нь тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилтийг босгосон. Гэвч “Эрдэнэс Силвер Ресурс” компани босгосон бондын өрөө бүрэн төлж чадахгүй дефолт зарлаж, толгой компани болон "Эрдэнэс Монгол"-д шилжүүлж байсан. Тэгвэл "Эрдэнэс Монгол" ч үлдсэн 850 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөх боломжгүй гээд Монголбанкны балансад шилжүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл энэ өр төлбөрийг хэн төлөх, юугаар нөхөх нь тодорхойгүй, Монголбанкны алдагдал болжээ.
Засгийн газраас тэтгэврийн зээлийг тэглэхэд үүссэн 850 тэрбум төгрөг дээр баталгаа гаргах асуудал яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй байгаа аж.