С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГТ ХЭЛМЭГДСЭН ГЭХ Т.ЧИМГЭЭ ШҮҮХЭЭС ХОХИРЛОО НЭХЭМЖИЛЛЭЭ
С.ЗОРИГ АГСАНЫ АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, 5.8 ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛСЭН Ч ХИЛСЭЭР ХОРИГДСОН ХЭМЭЭН СУЛЛАГДСАН Т.ЧИМГЭЭ ИРГЭНИЙ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН БАЙНА.
ТОДРУУЛБАЛ, 5.8 жилийн амьдралаа торны цаана өнгөрүүлж, хөдөлмөр эрхлэх ажил мэргэжлийн боломжоос гадна нэр хүндээ алдсан хэмээн хохирлоо нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гурав хоногийн өмнө гаргажээ. Энэ талаар түүний өмгөөлөгчөөр олон жил ажиллаж буй С.Оюунцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхлээд харьяа дүүргийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гурван удаа буцаасан. Тэгэхдээ тэмдэгтийн хураамж төлөөгүй, харьяалал биш гэх мэт үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. Тиймээс харьяалал гэж үзээд Сүхбаатар дүүрэгт нэхэмжлэлээ гаргалаа. Монголын шүүх энэ асуудлыг шийдчих байх гэсэн итгэлтэй байна. Энэ хүмүүсийн хохирлыг асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Т.Чимгээгийн тухайд хоригдож байх хугацаанд охиноо алдсан бөгөөд сэтгэл санааны хувьд тун хүнд байгаа аж. Зургаан жил орчмын ажил амьдралын хугацаагаа алдсан учраас эрүүл мэндийн хувьд ч ажил хийх боломжгүй болжээ. Мөн суллагдсан хугацаанаас хойш байр түрээслэн амьдарч байгаа өдгөө Баянзүрх дүүрэгт охиныхоо гэрт амьдарч байгааг өмгөөлөгч нь дуулгалаа.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах тогтоол жилийн өмнө албажиж, өнгөрөгч оны тавдугаар сард Нийслэлийн прокуророос дуудаж, цагаатгах тогтоолыг танилцуулжээ. Б.Содномдаржаа мөн тун удахгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирлоо нэхэмжлэх бөгөөд хүүхдийн хамт зах дээр ажиллан амьдралаа залгуулж яваа, эрүүл мэнд доройтсон хэмээжээ.