О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛ УЛСАД ХҮН ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР ШҮҮГДЭХ ЁСГҮЙ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулахыг хүсч ар гэрийнхэн зүгээс суулт өнөөдрөөс /2024.11.05/ суулт хийж байгаа билээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ирж уулзаж, дараах мэдээлллийг өглөө.
Тэрбээр "Анхан шатны шүүхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг гомдол өмгөөлөгчдөөс нь надад ирсэн. Тухайн гомдлыг би Шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн.
Монгол Улсын иргэн өмгөөлөгчгүйгээр шүүгдэх ёсгүй, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж болзошгүй учраас Шүүхийн сахилгын хороо шүүгчид хариуцлага тооцох асуудлыг тооцож өгнө үү гэсэн албан тоотыг өнгөрөгч наймдугаар сарын эхээр явуулсан. Одоогоор надад тухайн албан бичгийн хариу ирээгүй байна. Мөн 10 хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлд ХЗДХ-ийн сайдын зүгээс нууцтай холбоотой зүйлийг нь хаалттай, бусдыг нь нээлттэй шүүх талаар судалж өгнө үү гэж хандсан.
Шүүхийн аливаа үйл ажиллагаа хараат бус явагддаг. Монголын ард түмэн асуудал тодорхой, ил тод байхыг хүсч байна. Тиймээс Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх асуудлыг Эрүүгийн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн эсэх, хэргийн бодит үнэнийг шүүгч дотоод үнэмшлээрээ хуульд нийцүүлж шийдэж үү гэдгийг тодорхойлдог газар нь учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарах байх гэж найдаж байна" гэлээ.