СУРГУУЛИЙН ОРЧИМД ГАЗТАЙ УНДАА, ЧИПС ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОДОГ Ч ХЯНАЛТ ТАВИХ ГАЗАР АЛГА!

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд баталсан.
Уг жагсаалтад бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, чипс, чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон, амт өнгө үнэр оруулагч агуулсан хуурай сироп зэргийг худалдаалахыг хориглосон байдаг.
Гэвч эдгээр бараа бүтээгдэхүүнийг сурагчид өдөр тутамдаа худалдан авч хэрэглэсээр байна. Сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт өдөр бүр хяналт тавьдаг эсэх нь эргэлзээтэй. Хэзээ, хаанаас авсан нь тодорхойгүй ороомог, пирожкиг өдөр бүр гялгар ууттай нь халааж идэх хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал энд мөн хөндөгдөнө.
Цаасан дээр буусан захирамж хөрсөн дээр хэрэгжиж байгаа эсэхийг хэн хянах вэ?
Уг асуудлаар Боловсролын ерөнхий газраас тодруулахад “ЕБС-иудад үдийн цай хөтөлбөрт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтнууд байдаг. Тэд сургуулийн дотоод болон ойр орчмын хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих үүрэгтэй" гэв.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулахад “Нийслэлд хэрэгжиж байгаа захирамж учраас Нийслэл хариуцна. Мөн харьяа агентлагууд болон дүүрэг хяналт тавина” гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар нэгэн тодорхой мэдээлэл авч чадсангүй.
Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас хойш иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэлд хяналт тавих газар үгүй байна. Хаана, хэнд хаяглах нь тодорхойгүй олон гомдлын хохирогч нь иргэд үү?