СУДАЛГААНД ХАМРАГДСАН 3 ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ЦАХИЛГААН ТАМХИ ТАТДАГ ГЭЖЭЭ
“Монгол Эр Хүн" зорилтот төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1019 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулсан байна.
Цэргийн насны өмнөх хүүхдүүдийг үзлэгт хамруулахад сэтгэц зан төрхийн болон хоол боловсруулах замын өөрчлөлттэй, биеийн хөгжлийн ерөнхий индекс алдагдсан хүүхдүүдийн эзлэх хувь өндөр гарчээ. Гол шалтгаан нь хоолны илчлэг чанар дутмаг, амьдралын буруу хэвшилтэй холбоотойг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тус үйл ажиллагааг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний жилд хөвгүүдийн дунд зуршилт эмгэг буюу дэлгэцийн донтолт, нойргүйдэх зэрэг эмгэгүүд илүүтэй илэрч байсан бол энэ жил дээр дурдсан өвчлөлүүдээс гадна батгашил, арьс харшлын өвчнүүд зонхилон илэрчээ.
Үзлэгийн үеэр мөн 600 гаруй эрэгтэй хүүхдээс электрон тамхины хэрэглээний талаарх судалгаа авахад өсвөр насны хүүхдүүдийн тамхи татаж эхэлсэн дундаж нас 14 гэж гарсан. Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд тутмын нэг нь вэб татдаг гэжээ. Хөвгүүд ихэнхдээ хүрээллээсээ сөрөг муу зуршилд автах эрсдэл өндөр байна.
