УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА ӨМГӨӨЛӨГЧӨӨРӨӨ ДАМЖУУЛАН Н.УЧРАЛ, Г.ДАМДИННЯМ НАРЫГ ГҮТГЭЛЭГ ТАРААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГУУЛАХААР ЦЕГ-Т ХАНДАЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

GNNGNN
Apr 10, 2025  
 0
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА ӨМГӨӨЛӨГЧӨӨРӨӨ ДАМЖУУЛАН Н.УЧРАЛ, Г.ДАМДИННЯМ НАРЫГ ГҮТГЭЛЭГ ТАРААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГУУЛАХААР ЦЕГ-Т ХАНДАЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр "2006 онд Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан CAMEX ХХК "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг. Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар дээрх асуудалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байна. Нэр бүхий хүмүүс баримтгүйгээр, албан ёсоор шалгаж тогтоосон зүйлгүйгээр 507 хуудас материал гэх зүйл гаргаж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ угаасаа шинэ зүйл биш. 2016 онд анх энэ асуудлыг иргэн Х.Ганхуяг ярьж байсан. 2020 онд мөн энийг дахиж сөхсөн. Сонгууль дөхөхөөр л иймэрхүү юм гардаг. 2025 онд гурав дахь удаагаа гаргаж тавьж байна. Үүнийг нь хүч оруулаад Засгийн газрын хэмжээнд ярьж байна.

Хамгийн хэцүү юм нь юу вэ гэхээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан татвараас зайлсхийж, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан гэх асуудал нь хүнд гэмт хэрэгт тооцогдох учраас ийм гэмт хэрэгт бусдыг гүтгэж, харлуулах нь байж болохгүй зүйл. Монгол Улсын иргэн хувьцаа эзэмших эрхтэй л дээ. Хувьцаа эзэмшсэн компанитай нь холбоотой 431 хуудас баримтыг архиваас хуулбарлаж авч чадсан. Н.Учралыг баримтуудаас илүүг гаргаж ирсэн гэж бодохгүй байна. CAMEX ХХК нь Монголд байгаа. Б.Норовсамбуу гэдэг хүнийх. Хэрэв татвараас зайлсхийсэн бол тус компани одоо ингээд үйл ажиллагаа явуулах боломж байхгүй л дээ. Тиймээс улс төрийн акц явж байна гэж харж байгаа. Яагаад Х.Баттулга өөрөө гарч ирж мэдээлэл хийх ёстой гэж. Өөрөө энд тэнд тайлбарлаад явна лээ. Хуулийн байгууллагад хандахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч болох надаар дамжуулж байна" гэв.