СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ОРОН НУТГИЙН ЗАМД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 3002 ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас, зургадугаар сарын 2-ноос эхлэн долдугаар сарыг дуустал “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Арга хэмжээний хүрээнд замын эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж нийт 157 цэгт 403 албан хаагч хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Дээрх хугацаанд Улсын хэмжээнд 177 мянган тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ. Үзлэг шалгалтаар 131143 тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилтэй байжээ. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэмд заасан зуны улирлын дугуй солиогүй, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн, хурд хэтрүүлсэн, эгнээ байр буруу эзэлсэн, гүйцэт төрүүлэх үйлдлийг буруу хийсэн зэрэг маш олон тооны зөрчлүүд илэрсэн байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 жолоочийн зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ.
Мөн 1644 жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдад жолоогоо шилжүүлсэн ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
“Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар, нас баралт 35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 6.5 хувиар буурчээ.